Прокурорын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага юм.
Нийслэлийн прокурорын газар нь БНМАУ-ын Шүүх яамны сайдын 1931 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 дугаар тушаалаар Улаанбаатар хотын прокурорын газар нэртэйгээр Хотын шүүхийг түшиглэн байгуулагдсан.
Анх байгуулагдахдаа жинхэнэ прокурор 1, туслах прокурор 1, мөрдөн байцаагч 3, нарийн бичгийн дарга 1, нягтлан бодогч, жолооч, орос хэлний орчуулагч, үйлчилгээний ажилтан тус бүр 1, нийт 10 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлснээр эдүгээ 95 жилийн түүхтэй байгууллага юм.
Нийслэлийн прокурорын газар нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Сөүлийн гудамж“ нэртэй байршилд 1974 онд ашиглалтад орсон, 4 давхар, зоорийн давхартай, тусдаа 60 өрөө бүхий 1656 м.кв талбайтай байранд байрлан үйл ажиллагаа явуулж байна.
Тус прокурорын газар нь хуулиар хүлээсэн дээрх чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна
Тус прокурорын газар зохион байгуулалтын бүтцийн хувьд Тамгын хэлтэс, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтэс, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Хүний эрх, нийтийн ашиг сонирхолыг хамгаалах хэлтэс, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс, Зөрчил, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Жижүүр прокурорын албатай хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулахаас гадна нийслэлийн 8 дүүргийн прокурорын газрын үйл ажиллагаанд хяналт тавих, хийж гүйцэтгэсэн ажилд хяналт шинжилгээ хийх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Өдгөө 82 прокурор, 20 туслах ажилтан, 17 захиргаа үйлчилгээний ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар