“БАЙГАЛЬ ОРЧИН, АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ” ЗӨРЧЛИЙГ ШАЛГАХ ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“БАЙГАЛЬ ОРЧИН, АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ” ЗӨРЧЛИЙГ ШАЛГАХ ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын захиргааны эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг” зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг 2025 оны эхний хагас жилийн байдлаар шалгасан шалгалтын дүнг танилцуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан мэдээлэл солилцов.  

Мөн Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт газар ашиглаж буй 80 гаруй иргэн, аж ахуй нэгжид Богдхан уулын дархан цаазат газрын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, мөрдөгдөж буй стандарт, дэглэм горим, тусгай хамгаалалттай газар нутагт үйлдэгдэж буй зөрчил, түүний шалтгаан нөхцөл, хүлээлгэж буй хариуцлага, урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийсэн.

Тус арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төлөөлөл, Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга нар оролцож, Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, иргэн, аж ахуйн нэгжид  тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.