НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ИЛРҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ИЛРҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, 2023 онд хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцох уулзалтыг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Нийслэлийн ерөнхий прокурор Ц.Ариунболд, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Д.Отгонжаргал, мөн тус газрын дэд дарга Ц.Сугаржав болон 9 дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд, прокурорууд цахимаар оролцлоо.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Д.Отгонжаргал: 2022 онд тус газраас нийт 220 мянга 663 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авснаас 98,1 хувийг нь бүрэн шийдвэрлэж ажилласан. Мөн гэмт хэргийн илрүүлэлт 2022 онд өмнөх оны мөн үеэс 1,7 хувиар өссөн. Энэ онд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Нийслэлийн прокурорын газартай хамтран хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, мөрдөгчид оногдох ачааллыг тэнцвэржүүлэх, хэргийн шийдвэрлэлтийг сайжруулахад онцгой анхаарч ажиллана.

Мөн мөрдөгч нарын ажлын ачааллыг нарийвчлан тооцох, цахимжуулах асуудлыг анхаарах шаардлагатай байгаа. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газартай хамтран нийт гэмт хэргийн гаралтын 30-35 хувийг эзэлж буй Залилах, Хулгайлах гэмт хэргүүдтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд нэгдсэн ажил, арга хэмжээг зохион байгуулна.

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат: Өнөөдрийн Нийслэлийн прокурорын газартай хамтарсан уулзалтаар тушаал, шийдвэрийн биелэлт ямар хэрэгжилттэй явж байгаа, цаашид сайжруулах шаардлагатай асуудлын талаар санал солилцож, нэгдсэн нэг мэдээлэлтэй байх зорилгоор бүх холбогдох удирдлагууд, албаныхныг оролцуулж байна.

Нийт гэмт хэргийн 30 орчим хувийг эзэлж буй Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтээр 2023 онд 108 автобусны буудлыг бүрэн камержуулах ажлыг эхлүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар 20 гаруй автобусны буудлуудыг камержуулаад байна. Камержуулалтад хүний дүрс, маршрутыг таних ухаалаг системийг мөн суулгаж өгсөн. Үүн дээр цаашид хийгдэх зохицуулалтын, аюулгүй байдлыг ажлууд байгаа. 

Үүнээс гадна дүүрэг, хороодыг “Хулгайгүй-ногоон бүс” болгох ажил эхнээсээ хэрэгжээд явж байна. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн хулгайлах гэмт хэргийн гаралт өндөртэй байршил, тодорхой цэгүүдийг “Аюулгүй-ногоон бүс” болгож камержуулсан. Үүний үр дүнд хулгайлах гэмт хэргийн дуудлага 40 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлт гараад байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ү.Содномцог: Дүүргийн цагдаагийн хэлтсийн ачаалал маш их байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Нэгдүгээр хэлтэс дээр гэхэд нэг мөрдөгч 200 гаруй гомдол, мэдээлэл болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийг хариуцан ажиллаж байна. Энэ ачааллыг онцгойлон анхаарч, ачааллыг тэнцвэржүүлэх талаар арга хэмжээ авахгүй бол иргэд хуулийн байгууллага өөрийнх нь асуудлыг шийдвэрлэхгүй байна, нөгөө талаас нь авлигал авсан байна гэж хардах шалтгаан болж байна. Нөгөөтээгүүр, шинэ залуу мөрдөгч нарын ур чадварыг сайжруулахад анхаарах, сургах, чадавхжуулах шаардлагатай байна.

Мөн халаасны хулгай дотроо гар утасны хулгайн гэмт хэргийн гаралт маш өндөр байна. Нийслэлийн цагдаагийн газрын удирдах газраас халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч удирдлага, зохион байгуулалтын бодитой арга хэмжээ авч ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Цагдаа, прокурорын хамтарсан мэдээлэл солилцох, асуудлыг шуурхай шийдвэрлэх санал солилцох уулзалт нь цаг үеэ олсон ач холбогдолтой уулзалт болж байна.